Skip to main content

Алхам 3. Нээлттэй өгөгдлийг нийтлэх

Нээлттэй өгөгдлийг төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем (opendata.gov.mn) болон өөрийн системд байршуулж, олон нийтэд хялбар, машин унших боломжтой форматаар хүргэнэ.

3.1 Нээлттэй өгөгдлийг нийтлэх

Нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ дараах өгөгдлийн бүрдэл, файл, тайлбар, баримт бичгүүдийг шаардлагын дагуу бэлтгэж нийтэлнэ. Үүнд:

  1. Нээлттэй өгөгдөл буюу өгөгдлийн бүрдлийн файл
  2. Өгөгдлийн толь (Data Dictionary)
  3. Мета өгөгдөл (Metadata)
  4. Бусад нэмэлт материал — Өгөгдлийн нэмэлт баримт бичгүүд болон өгөгдлийн мэргэжилтэн бус, техникийн бус хэрэглэгчдэд өгөгдлийг ойлгоход дэмжлэг үзүүлэх нэмэлт гарын авлага, заавар оруулж болно.

Нийтлэхэд анхаарах зүйлс

Нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ дараах техникийн болон хэрэглээний шаардлагуудыг анхаарах хэрэгтэй:

  1. Санал, хүсэлтийн хэсэг байгууллага төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал болон өөрийн систем дээр нийтэлсэн өгөгдлийн бүрдлийн талаар хэрэглэгчдийн санал, хүсэлтийг авах боломжтой хэсэг хөгжүүлэх хэрэгтэй.

  2. Нээлттэй өгөгдлийг урьдчилж харах боломж бүрдүүлэх Хэрэглэгч өгөгдлийг заавал татаж авалгүйгээр өгөгдлийн бүтэц, агуулгыг харах боломжтой байх хэрэгтэй.

  3. Техникийн хувьд нээлттэй байх Нээлттэй өгөгдөлд хэн ч хандаж, ашиглах боломж бүрдүүлэхийн тулд нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ аливаа бүртгэлийн шаардлага, нэвтрэх хураамж, ашиглалтын хязгаарлалт гэх мэт техникийн хязгаарлалтгүй байхад анхаарна.

  4. Нээлттэй өгөгдлийн түүхэн өгөгдлийн бүрдлүүдийг хамт нийтлэх Өгөгдлийн бүрдэл шинэчлэгдэж өөрчлөгдсөн тохиолдолд өмнө нийтэлсэн өгөгдлийн бүрдлийг устгалгүйгээр шинэ өгөгдлийн бүрдлийг холбогдох мэдээллийн хамт давхар нийтэлнэ. Энэ нь өгөгдлийн талаар зөв мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, түүхэн өгөгдөл хандах боломж олгох, урт хугацааны шинжилгээ, судалгааг дэмжиж, харьцуулсан шинжилгээ хийх боломж олгоно.


3.2 Нээлттэй өгөгдлийг нийтэлсний дараа

Өгөгдлийг нийтлээд орхих бус, түүний хэрэглээ, шинэчлэлийг тогтмол анхаарах нь чухал юм.

  1. Олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах Нээлттэй өгөгдлийг цахим хэвлэл, нийгмийн сүлжээ, семинар, сургалт зэрэг сувгаар олон нийтэд таниулах;
  2. Нээлттэй өгөгдлийг тогтмол шинэчлэх Өгөгдлийг тогтоосон хугацаанд тогтмол шинэчилж, алдааг засварлаж, архивлах ажлыг тогтмол хийх;
  3. Нээлттэй өгөгдлийн хэрэглээг хэмжих Өгөгдлийн таталт, хэрэглээний статистик, санал хүсэлтийг хянаж, ирээдүйд өгөгдлийг сайжруулах мэдээллийг цуглуулах.