Skip to main content

2.3 Төрийн байгууллага нээлттэй өгөгдлийг бий болгоход баримтлах зарчим

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад мэдээлэл хариуцагч байгууллагуудыг дэмжих үүднээс нээлттэй өгөгдлийг бий болгох дараах зарчмуудыг санал болгож байна.

Эдгээр зарчмыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, ашиглах нөхцөл журам”-тай харьцуулан судалж, уялдаа холбоог тодорхойлохыг зорив.

ЗарчимТайлбарХолбогдох хууль тогтоомж (Журам/Хууль)
1. Бүрэн байх
Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн болон албаны нууц, хувь хүний мэдээлэлд хамаарахгүй бөгөөд мэдээлэл хариуцагчийн чиг үүргийн хүрээнд үүссэн өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтэлнэ. Нээлттэй өгөгдөл нь магадлахад үнэн зөв, бодитой, агуулгын хувьд хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд, хувийн ашиг сонирхлын нөлөөлөлгүй байхаар бий болгож холбогдох тайлбар мэдээллийн хамт нийтэлнэ.
Журам 1-ийн
2.1.2. магадлахад үнэн зөв, бодитой байх;
2.1.3. агуулгын хувьд хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд байх;
2.1.4. хувийн ашиг сонирхол, итгэл үнэмшлийн нөлөөлөл ороогүй байх;
2. Анхдагч эх үүсвэрээс цуглуулсан байх
Мэдээлэл хариуцагч байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд цугларсан өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх ба тухайн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байна.
Журам 1-ийн
2.1.1. Хууль ёсны эх сурвалжаас цуглуулсан байх;
2.1.10. Мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байх;
3. Цаг тухайд нь нийтэлдэг байх
Эрх бүхий байгууллагаас хууль, тогтоомжоор зааж өгсөн хугацаанд нээлттэй өгөгдлийг бэлтгэж, шинэчлэн нийтэлдэг байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн
12.4. Мэдээлэл хариуцагч өөрийн боловсруулсан нээлттэй өгөгдлийг тогтмол шинэчилж байна.
12.6. Нээлттэй өгөгдлийн жагсаалт, нээлттэй өгөгдлийг нийтлэх хугацааг Засгийн газар тогтооно.
Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
4. Хандах боломжтой байх
Нээлттэй өгөгдлийг цахим орчинд хялбар олж авах, дурын вэб хөтөч дээр ажиллах боломжтой системээр (opendata.gov.mn) дамжуулан нийтэлнэ. Бөөн өгөгдөл татах, API холболт, бусад өгөгдөлтэй холбогдох боломжтой байх.
Журам 1-ийн
2.1.1. Дурын вэб хөтөч дээр ажиллах боломжтой байх;
2.1.6. Нээлттэй өгөгдлийг бусад өгөгдөлтэй холбож ашиглах боломжтой байх;
2.1.7. Мөр бүрийг ялган таних түлхүүр талбартай байх;
5. Машин боловсруулах боломжтой байх
Нээлттэй өгөгдөл нь компьютерийн программаар таних, унших, боловсруулах боломжтой, бүтэцлэгдсэн хэлбэрээр (XML, CSV, JSON гэх мэт) нийтлэгдэх;
Журам 1-ийн
3.2.1. 2-оос доошгүй тооны машин унших форматтай байх;
6. Ялгаварлалгүй (Хүртээмжтэй) байх
Хүн, хуулийн этгээд нээлттэй өгөгдлийг ямар нэг бүртгэл, зөвшөөрөл авахгүйгээр чөлөөтэй татаж авах боломжтой байх.
Журам 2-ын
2.1.3. нээлттэй өгөгдөлд хандахад хялбар, хуулах, татаж авах боломжтой байх;
7. Өмчлөлгүй форматтай байх
Өгөгдлийн файлтай ажиллахад ямар нэг тусгай, төлбөртэй, лицензтэй программ ашиглах шаардлага үүсэхгүй байх.
Журам 1-ийн
3.2.1. 2-оос доошгүй тооны машин унших форматтай байх;
8. Чөлөөтэй ашиглах боломжтой байх
Нээлттэй өгөгдлийг чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх, ашгийн болон ашгийн бус зорилгоор хэрэглэх боломжтой байна. Лицензийг (CC) зааж өгнө.
Журам 1-ийн:
4.1.1. Нээлттэй өгөгдлийг чөлөөтэй ашиглах;
4.1.3. Боловсруулсан этгээдийн нэрийг дурдаж ашиглах;
9. Төлбөргүй байх
Нээлттэй өгөгдөл нь цахим орчинд үнэ төлбөргүй байршсан байна. Тодорхой тохиолдолд зөвхөн өгөгдлийг бэлтгэх өртгийг тооцсон төлбөр тогтоож болно. Энэ төлбөр нь ямар нэг ашиг олох зорилгогүй байна.
Журам 1-ийн
1.4. Цаасан хэлбэрээр авах тохиолдолд холбогдох зардлыг төлнө;
1.6. Цахим хэлбэрээр авахад зардлыг тооцохгүй;
10. Байнгын, тогтвортой байх
Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанаас үүссэн өгөгдлөөс ялгаатай нь байгууллагын тасралтгүй үйл ажиллагааны хүрээнд үүсэж буй өгөгдлүүд нь тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Иймд өгөгдлийн үнэ цэнийг бууруулахгүй байх үүднээс нийгэм, эдийн засгийн эрэлтийг харгалзан байгууллагын нээлттэй өгөгдлийг шинэчлэн нийтлэх хугацааг нээлттэй өгөгдлийг бий болгох, нийтлэх төлөвлөгөөнд тусгаx;
Журам 1-ийн
3.2.5. Өөрчлөлт орсон тохиолдолд өмнөх болон шинэчилсэн хувилбарыг хамт нийтлэх;
11. Найдвартай, үнэн зөв байх
Нээлттэй өгөгдөл нь магадлахад үнэн зөв, бодитой, хувийн ашиг сонирхлын нөлөөлөл ороогүй байна.
Журам 1-ийн
2.1.2. магадлахад үнэн зөв, бодитой байх; 2.1.4.хувийн ашиг сонирхол, итгэл үнэмшлийн нөлөөлөл ороогүй байх;
12. Харьцуулах боломжтой байх
Нээлттэй өгөгдөл нь бусад өгөгдөлтэй харьцуулагддаг байхын тулд тодорхой нэгдсэн стандартын дагуу үүсгэж, цуглуулагдсан байна.
Журам 1-ийн
2.1.5.мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код ашигласан байх;
2.1.6.нээлттэй өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй холбож ашиглах боломжтой байх;
2.1.7.нээлттэй өгөгдлийн мөр бүрийг ялган таних, бусад нээлттэй өгөгдөлтэй холбох түлхүүр талбартай байх;
2.1.11. Бусад нээлттэй өгөгдөлтэй хамааралтай бол эшлэл, тайлбарыг тусгах;