Skip to main content

2.1 Төрийн байгууллага дахь нээлттэй өгөгдөл гэж юу вэ?

2.1 Төрийн байгууллага дахь нээлттэй өгөгдөл гэж юу вэ?

Төрийн байгууллагаас гарах нээлттэй өгөгдөл гэж төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бий болсон өгөгдлийг хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, түүнчлэн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, олон нийтэд чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой хэлбэрээр нээлттэй болгож нийтэлсэн мэдээллийг ойлгож болно.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1.Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.

Төрийн нээлттэй өгөгдлийн гол зорилго нь:

  • Эдийн засаг, бизнесийг дэмжих;
  • Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх;
  • Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад оршино.

Төр бол нээлттэй өгөгдлийн хамгийн том бүтээгч бөгөөд улс орны хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн харилцааг хамарсан өргөн хүрээний өгөгдлийг бүрдүүлдэг. Эдгээр өгөгдлийг нээлттэй болгосноор дараах стратегийн ач холбогдол бий болдог. Үүнд:

  • Засаглалын ил тод байдал, хариуцлага нэмэгдэнэ. Олон нийт төрийн үйл ажиллагаа, төсөв, хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнд бий болсон өгөгдөлд чөлөөтэй, тэгш хүртээмжтэй хандах боломж бүрдэж, мэдээлэлд суурилсан хяналт, үнэлгээ хийх нөхцөл сайжирна. Ингэснээр төрийн байгууллагын ил тод байдал нэмэгдэнэ.
  • Эдийн засгийн үнэ цэн бий болно. Нээлттэй өгөгдөл нь бизнес эрхлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, зах зээлийн шинжилгээ хийх, инновац бий болгох суурь мэдээлэл болдог.
  • Судалгаа, бодлого боловсруулах чанар сайжирна. Их, дээд сургууль, судалгааны байгууллага, шинжээчид баталгаатай эх сурвалж бүхий өгөгдөлд тулгуурлан дүн шинжилгээ хийх боломжтой болсноор бодитой, үнэн зөв судалгааны материал бий болгох боломж бүрдэнэ. Ингэснээр төр, хувийн хэвшил судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэр гаргах боломжтой болно.
  • Нээлттэй засаглал бэхжинэ. Иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд өгөгдлийг ашиглан бодит оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Үүнээс үзэхэд төрийн нээлттэй өгөгдөл нь зөвхөн мэдээлэл түгээх хэлбэр бус, харин өгөгдлийг бодит хэрэглээнд оруулж, нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх стратегийн нөөц юм. Энэ нь нээлттэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан засаглалыг хөгжүүлэх суурь нөхцөл болдог.