Skip to main content

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

1.1 | Үндэслэл

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд нийтийн мэдээллийг эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл болгон ашиглах боломжийг зохицуулсан. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Мэдээлэл хариуцагч байгууллагаас нээлттэй өгөгдлийг бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах журам, нөхцөл”-ийг баталж, мэдээлэл хариуцагч байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн болно.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.2.2.Төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмжийг дээшлүүлж, иргэдэд түргэн шуурхай, хялбар үйлчилгээ үзүүлэх цахим төрийн тогтолцоонд шилжинэ. 4.2.2.4.Төрийн тогтолцооны цахим дэд бүтцийг хөгжүүлж, шийдвэр гаргах үйл явцыг хурдан, ил тод, нээлттэй болгоно. 4.3.2.4.Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, блокчейн, юмсын интернэтийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлуудыг санхүүжүүлж, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ гэж хөтөлбөрт тусгагдсан.

Иймд ТЦҮЗГ-аас ЦХИХХСайдын А/126 тушаалаар нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийг хариуцан ажиллах тушаалын дагуу системийг хүлээн авч цаашид тус системд нээлттэй өгөгдлийг нийтлэх төрийн 59 байгууллагын 691төрлийн өгөгдлийн бүрдлийг бий болгохтой холбоотой тулгамдаж буй асуудлыг судалж, доор дурдсан асуудалд тулгуурлан МХБ-аас нээлттэй өгөгдлийг бий болгохтой холбоотой хялбаршууласан гарын авлагыг бэлтгэн хүргэж байна. Үүнд:

  • Нээлттэй өгөгдлийг нийгэм, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд шаардлага хангахгүй байх;
  • Нийтлэгдсэн нээлттэй өгөгдөл нь бодит, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэх;
  • МХБ-ын зүгээс нээлттэй өгөгдлийг бий болгоход хүний нөөцийн мэдлэг чадварыг бий болгох.